Шастинчуудын уламжлалт эрдмийн баяр боллоо

П.Н.Шастины нэрэмжит улсын гуравдугаар төв эмнэлгийн эмч мэргэжилтнүүд олон улсын эмч нарын өдөрт зориулсан “Эрдмийн чуулган-2016” уламжлалт эрдэм шинжилгээний хурлаа 2016 оны 03 сарын 29-ны өдөр амжилттай зохион байгууллаа.

Эмч, эмнэлгийн мэргэжилтэний эрдэм судлалын ажлыг дэмжих, судлаач сэтгэлгээг хөгжүүлэх, нотолгоонд суурилсан эмнэлзүйн мэдлэг ур чадварыг хөгжүүлж, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах зорилгоор зохион байгуулагдсан эрдмийн чуулганд тус эмнэлгийн эмч мэргэжилтнүүд өөрсдийн хийсэн эрдэм шинжилгээ судалгааны 32 өгүүлэл, 5 ховор тохиолдол, 12 онолын лекцийн материал ирүүлж оролцлоо.

Энэ удаагийн эрдмийн чуулганы үндсэн илтгэлийг АШУҮИС-ийн Чих хамар хоолойн мэс заслын тэнхимийн багш, АУ-ны доктор, дэд профессор, ЭМЖЖ ХКК-ийн гүйцэтгэх захирал Э.Жаргалхүү “Чихний гаралтай гавалын тахир ангалын бүлэнт үрэвслийн үеийн оношилгоо, эмчилгээний зарим асуудал” сэдвээр уншиж сонордууллаа.

Энэ удаа эмч мэргэжилтнүүдийн эрдэм шинжилгээний бүтээлүүдээс шилдэг 9 бүтээлийг аман илтгэл, 12 бүтээлийг ханын илтгэл хэлбэрээр хэлэлцүүлж, тус эмнэлгийн эрдмийн зөвлөлийн бүрэлдэхүүнтэй шүүгчийн комисс судалгааны ажлын чанар үр дүн, шинэлэг тал, эмнэлзүйн ач холбогдол, илтгэгчийн ур чадвар зэрэг үзүүлэлтүүдээр дүгнэж шалгарууллаа.

Ингээд тэргүүн байрыг О.Янжив, Ц.Оюунчимэг, Г.Туул, Б.Чинзориг, С.Наранбаатар нарын2012-2015 онд харвалт (I60-I64) ба шигдээс (I21-I25) оношоор эмчлүүлэгсдийн тоо болон эндэгдлийн хамааралд хийсэн үнэлгээ” судалгаа, дэд байрыг Р.Ганбаатар, Л.Аваажигмэд, Р.Болдбат, Н.Баатаржан, Б.Батчулуун, Б.Оюун нарын “Тархины судасны цүлхэнд судсан дотуурх мэс засал эмчилгээ” сэдэвт судалгаа, гутгаар байрыг П.Энхмаа нарын “Дээд зовхины ретракцийг засах хагалгааны арга барил” сэдэвт судалгаа, шилдэг ханын илтгэлийг Д.Эрдэнэболд, Ч.Пунцаг, М.Ганбаатар, Б.Батдэлгэр, Л.Ганчөдөр, Ж.Эрдэнэсүрэн нарын “VATS технологийг нэвтрүүлсэн туршлага, эмчилгээний үр дүн” сэдэвт судалгаанууд эзэлж, тус бүр өргөмжлөл мөнгөн шагнал хүртлээ.

Эрдмийн чуулганд ирүүлсэн нийт бүтээлүүдийг “Эрдмийн Чуулган-2016” товхимол болгон хэвлүүлж эмнэлгийн эрдэм шинжилгээний цахим санд байршууллаа.

Мөн энэ удаагийн Эрдмийн Чуулганы ерөнхий зохион байгуулагчаар ажилласан С.Бямбасүрэн эрхлэгчтэй Чих хамар хоолойн мэс заслын тасгийн нийт хамт олон, эрдмийн чуулганд оюуны бүтээлийг дэмжиж хамтарч ажилласан КРКА, SANDOZ ХХК-ийн хамт олонд тус эмнэлгийн нийт хамт олон, удирдлагын зүгээс гүн талархал илэрхийлье.