Таны сэтгэл зүй таагүй байгаа үед ямар арга хэмжээ авахаа мэдэхгүй байна уу? Сэтгэлээр унаж, сэтгэлийн түгшүүр мэдэрч байгаа ч яг яах ёстойгоо мэдэхгүй тээнэгэлзэж байгаа бол дараах аргуудыг хэрэглээд үзээрэй.
Мэдрэмжээ илэрхийлэх
Өөрийг тань мэдэрч ойлгодог, нөхцөлгүйгээр хүлээн авч сонсдог, таны итгэлийг дааж чаддаг хүндээ өөрийнхөө мэдрэмж, тулгараад байгаа асуудлынхаа талаар ярилцаж хуваалцаарай. Сэтгэл хөдлөлийн мэдрэмжээ дотроо хадгалах нь таныг улам сэтгэл зүйн таагүй мэдрэмжүүдээр дүүргэдэг. Та хүсвэл өөртэйгөө, найз нөхөдтэйгөө, гэр бүлийнхэнтэйгээ ярилцаж эсвэл яг юу мэдэрч байгаагаа цаасан дээр буулгаж тэмдэглэл хөтлөөд үзээрэй.
Хил хязгаар тогтоох
Дургүй эсвэл хийхээ болимоор байгаа үйлдлүүддээ ҮГҮЙ гэж хэлж сурах. Үүнд шөнийн цагаар и-мейл шалгахгүй байх, дургүй уулзалтандаа очихгүй байх, эсвэл өдрийн тодорхой цагт утсаа шалгахгүй байх зэрэг багтаж болно. Мөн таагүй мэдрэмж өгсөн орчноос явах, цэг тавих ёстой харилцааг дуусгах гэх мэт нь хувийн харилцаандаа хил хязгаар тогтоож сурах нь өөрийн сэтгэл зүйн байдлыг хамгаалж буйн илрэл юм.
Бие махбодийн эрүүл мэнддээ анхаарах
Бие махбодын эрүүл мэнддээ анхаарч өөрийгөө хайрлах нь сэтгэл зүйн эрүүл мэндийн шинж тэмдгүүдийг багасгаж өгдөг байна. Үүнд та эрүүл хооллох, хангалттай унтах, тогтмол дасгал хөдөлгөөн хийх, агаар салхинд гарах зэрэг орно.
Өөртөө тохирсон тайвшрах аргад суралцах
Хүн өдөр тутмын амьдралдаа зайлшгүй даван туулах ёстой сорилтуудтай нүүр тулдаг. Эдгээр сорилтуудаас хүн бултах, зайлсхийх, нүүр тулах гэх мэтээр хариу үйлдэл үзүүлдэг. Хэрвээ таньд эдгээр сорилтууд нь сэтгэл зүйн тавгүй мэдрэмжүүдийг төрүүлдэг бол өөртөө тохирсон тайвшралын аргуудад суралцах хэрэгтэй.Үүнд хөгжим сонсох, өдрийн тэмдэглэл хөтлөх эсвэл хайртай хүмүүстэйгээ харилцах зэрэг өдөр тутмын стрессийг даван туулахад туслах эрүүл аргууд байдаг.
Байгальд гарах
Бид бүгд санаа зовнил, айдастай амьдардаг ба тодорхойгүй байдал, алдагдал биднийг стресс болон дарамтад оруулдаг. Байгальд гарч ой модонд очин шувуудын чимээ, усны урсгалыг сонсох нь танд тайвшралыг авчирна. Гүнзгий амьсгаа аваад эргэн тойронд тань юу болж буйг анзаарах нь танд бодлоо цэгцлэх болон стрессийг багасгахад нөлөө үзүүлнэ.
Мэргэжлийн хүнээс тусламж хүсэх
Таньд хэрэгтэй, шаардлагатай үед бусдаас тусламж хүсэхээс бүү ай. Та хүсвэл танд туслах зөндөө хүмүүс байдаг. Шинэ зүйлийг туршиж үзэх нь эхэндээ эвгүй байдаг ч цаг өнгөрөх тусам тэдгээр нь илүү хялбар болдог. Бидний хэн нь ч төгс биш учраас өөртөө алдаа хийх, амрах боломжийг олгоорой.