ЭМНЭЛГИЙН ЗАХИРАЛ УЛААН БҮСД АЖИЛЛАВ

Улсын Эмнэлгийн захирал Ц.Төмөр-Очир Сувилахуйн албаны дарга, арга зүйч болон тархвар судлаачийн багийн хамт тус эмнэлгийн ковидын эрчимт эмчилгээний тасаг болон тусгаарлан эмчлэх (U1, 2, 3 тасгуудад) 3 дахь удаагаа орж ажиллалаа.

Эмнэлгийн захирал Ковидын тасгуудад эмчлүүлж байгаа эмчлүүлэгчдийн үзүүлж буй тусламж үйлчилгээ, эм тариа, хоолны хангалт, хүнд эмчлүүлэгчдийн асаргаа сувилгаа, халдвар хамгааллын зэрэг олон чиглэлээр хяналт хийж, эмчлүүлэгчдийг үзэж үүрэг чиглэл өглөө.

Мөн Ковидын (U) тасгуудад ажиллаж буй эмч ажилтнуудынхаа ажлын нөхцөл байдалтай дахин танилцаж ажилчдынхаа санал сэтгэгдлийг сонсч, тулгамдсан асуудлыг газар дээр нь шийдвэрлэв.

Энэ удаагийн хяналт үзлэгийн хүрээнд Ковидын тасгуудад эмчлэгдэж байгаа 91 эмчлүүлэгч нэг бүрийг үзэж, оношилгоо, эмчилгээний явцад зөвлөгөө өгөв. Мөн дээрх тасгуудад эмчлүүлж буй өөрийн эмнэлгийн ажилтнуудтайгаа биечлэн уулзаж, сэтгэл санааны дэмжлэг үзүүлж, санал хүсэлтийг сонсч ярилцав.

Энэ үеэр Ковидын тасгуудад эмчлүүлж буй нийт эмчлүүлэгчид тус эмнэлгийн үйл ажиллагаанд сэтгэл бүрэн ханамжтай байгаагаа илэрхийлж эмч, сувилагч нартаа баярласан талархсанаа уламжлав.

Эмнэлгийн захирал Улаан бүст өндөр хариуцлагатай үүрэг хүлээн ажиллаж буй эмч, ажилтнууддаа эмнэлгийн захиргаа, хамт олны нэрийн өмнөөс эрүүл энхийг хүсч чин сэтгэлийн ТАЛАРХАЛ илэрхийллээ.

Тус эмнэлэг дотоод үйл ажиллагааныхаа хүрээнд эмнэлзүйн зөвлөх багийг томилон ажиллуулж 7 хоног бүр хүндэвтэр, хүнд, нэн хүнд эмчлүүлэгчдийнхээ оношилгоо эмчилгээний асуудлыг тухай бүр нь ярилцан шийдвэрлэж Ковидын тусламж үйлчилгээний бүхий л чиглэлд хяналт тавин ажиллаж байна.

ХАМТДАА ДАВНА