Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага 1948 оны 04 дүгээр сарын 07-ний өдөр үүсгэн байгуулагдаж, 1950 оноос эхлэн “Дэлхийн эрүүл мэндийн өдөр”-ийг тэмдэглэж, хүн амын эрүүл мэндэд тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэж, улс орнуудын Засгийн газар болон нийгмийн анхаарлыг эрүүл мэндийн салбарт хандуулж ирсэн бөгөөд 2019 онд тус өдрийг “Бүх нийтийн эрүүл мэндийн хамралт” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэхүү өдрийг тохиолдуулан Улсын гуравдугаар төв эмнэлгийн Зөвлөх поликлиник, Эмчилгээний хоол үйлдвэрлэлийн алба хамтран иргэд, үйлчлүүлэгчдэд зориулсан эрүүл мэндийн боловсрол олгох өдөрлөгийг зохион байгуулсан бөгөөд “Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хэрхэн хүртээмжтэй авах“, “Урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдахын ач холбогдол”, ”Ясны сийрэгжилтээс сэргийлье” зэрэг сэдвүүдээр сургалт, мэдээллийг явуулж, чихрийн шижин өвчний эрсдэлийн шалгуур хуудсаар 96 хүнд эрсдэлийн үнэлгээ хийж, 55 хүний захын судсанд түргэвчилсэн аргаар глюкоз тодорхойлох шинжилгээ, цусны даралт ихсэлтийн эрсдэлийн үнэлгээг 118 хүнд хийснээс өндөр эрсдэлтэй 47, дунд эрсдэлтэй 53, бага эрсдэлтэй 18 тохиолдол бүртгэгдсэн бол, ясны сийрэгжилтийг 60 үйлчлүүлэгчдэд үзсэнээс ясны нягт багассан /osteopenia/ 34, ясны сийрэгжилттэй /osteoporosis/ 5 хүн тодорхойлогдсоныг мэргэжлийн эмчийн зөвөлгөө, мэдээллийг хүргэн ажилласан.
Мөн өдөрлөгийн үеэр давс орлуулах хүнсний бүтээгдэхүүнийг танилцуулах үзэсгэлэн гаргаж, давсыг орлуулах бүтээгдэхүүнээр амталсан зутан шөлний амталгааг явуулан эрүүл зөв амьдралын болон зохистой хоол хүнсний чиглэлийн 6 төрлийн 300 гаруй гарын авлага, материалыг тараасан бөгөөд тус өдөрлөгт нийт 150 иргэд, үйлчлүүлэгчид хамрагдлаа.