“ДАВСЫГ ХООЛНЫ ЦЭСНЭЭС ХАСЬЯ” ЭРҮҮЛ МЭНДИЙН БОЛОВСРОЛ ОЛГОХ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Дэлхийн улс орнууд “Давс ба эрүүл мэнд” хөдөлгөөний санаачлан “Давсны мэдээлэл сурталчилгааны 7 хоног”-ийг жил бүрийн 3 дугаар сард тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалттай. Энэ жил хоолны давсны хэрэглээ, тэр дундаа хүүхдэд өгч буй хоол хүнсний давсыг багасгах, улмаар давсыг хоолны цэснээс хасах асуудалд дэлхий нийтийн анхаарлыг хандуулж байна. Энэхүү хөдөлгөөнд манай улс 2012 онд нэгдэн орсон бөгөөд “Давсыг хоолны цэснээс хасъя” уриан дор тэмдэглэж байна. 

2019 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Улсын гуравдугаар төв эмнэлгийн Зүрх судасны тасаг, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв хамтран “Давсыг хоолны цэснээс хасья” сэдэвт иргэд үйлчлүүлэгчдэд зориулсан эрүүл мэндийн боловсрол олгох өдөрлөгийн арга хэмжээг зохион байгуулж, зүрх судасны нарийн мэргэшлийн эмч нар “Давсны хэрэглээг бууруулах хэрэгцээ шаардлага, ач холбогдол”, “Давс хэтрүүлэн хэрэглэх хор уршиг”, “Давс багатай бүтээгдэхүүнийг хэрхэн сонгох вэ?”, “Давс ба эрүүл мэнд” сэдвүүдээр иргэд үйлчлүүлэгч болон эмч ажилчдад сургалт мэдээлэл явууллаа. Энэхүү өдөрлөгийн үеэр тус эмнэлгийн Эмчилгааний хоол үйлдвэрлэлийн албанаас 100 гаруй иргэд, үйлчлүүлэгчдэд давсгүй хоол хүнс үзэсгэлэн гарган давсгүй хоолны жор, давс орлуулах бүтээгдэхүүний талаар зөвлөгөө зөвлөмж өгч, давсгүй хоолны амталгаа явуулж, давсны хэрэглээний талаар гарын авлага, зөвлөмжийг тараалаа.