Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг ЭМЯ, БСШУСЯ-ны захиалга, Шинжлэх Ухаан Технологийн сангийн санхүүжилттэйгээр “Зүрхний цочмог шигдээсийн эрт үеийн оношилгоо, эмчилгээг эмнэлзүйн практикт нэвтрүүлэх нь” сэдэвт цөм технологийн төслийг 2016 оноос эхлэн 3 жилийн хугацаатай хэрэгжүүлэн ажиллаж байгаа билээ. 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Шинжлэх Ухаан Технологийн Сангаас цөм технологийн төслийн явц, судалгааны ажлын үр дүнг захиалагч, санхүүжүүлэгч байгууллагын албаны хүмүүс хийгээд салбарын холбогдох эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд, иргэд олон нийтэд ил тодоор нээлттэй танилцуулан, явцын үйл ажиллагаагаа тайлагнан хэлэлцүүлэх арга хэмжээг анх удаа зохион байгууллаа.
“Зүрхний цочмог шигдээсийн эрт үеийн оношилгоо, эмчилгээг эмнэлзүйн практикт нэвтрүүлэх нь” сэдэвт цөм технологийн төсөл нь зүрхний цочмог шигдээсийг эрт илрүүлэн оношлох, зүрхний шигдээсийн эмчилгээний хамгийн орчин үеийн дэвшилтэд технологи болох судсан дотуурх мэс засал эмчилгээний арга технологоор эмтэй цагираган тэлэгч тавих, судасны нарийсалтай хэсгийн өмнө болон хойдох хэсгийн цусны урсгалын хурдыг хэмжиж заалт гаргах, тэлэгч тавих үед судсан дотуурх бүлэнг тусгай багажаар соруулан авах технологи, мөн өндөр хурдын ротаблатор технологи ашиглан судасны шохойжсон хэсэгт атероэктоми хийх зэрэг дэвшилтэд технологиудыг иж бүрнээр нь эмнэлзүйн практикт нэвтрүүлэхийг зорьж буй юм. Дээрх төсөл амжилттай хэрэгжснээр Монгол улсын иргэдийн эрүүл мэндэд зарцуулагдах эдийн засгийн эрсдлийг бууруулах, иргэдийн эх орондоо чанартай эмнэлгийн тусламж авах боломжийг бүрдүүлэх, мөн тусламж үйлчилгээний хүртээмжийн сайжруулах боломжийг бүрдүүлэхийн зэрэгцээ зүрхний шигдээсийн эрт үеийн оношилгоо эмчилгээний менежмент боловсронгуй болж, олон улсын жишигт хүрэх юм.