Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг, Тайваний Үндэсний Их Сургуулийн эмнэлэг хооронд 2009 оноос эхлэн хэрэгжиж буй хамтын ажиллагааны Монгол Тайваний Итгэл буюу “NTUH-HOPE” хөтөлбөрийн 2018 оны гэрээ солилцох ёслол хүндэтгэлийн арга хэмжээ 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдөр тус эмнэлэг дээр зохион байгуулагдлаа.
Энэхүү хамтын ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд 2009-2018 оны хооронд манай эмнэлгийн эмч мэргэжилтэнүүд Тайваний Үндэсний Их Сургуулийн эмнэлэгт тархины харвалт, мэдрэлийн дүрс оношилгоо, харвалтын үеийн сэргээн засах эмчилгээ, бөөр орлуулах эмчилгээ, хоол боловсруулах эрхтэн судлал, яаралтай тусламж, эрчимт эмчилгээ зэрэг нарийн мэргэжлийн чиглэлүүдээр урт болон богино хугацааны сургалтанд хамрагдан мэргэжил дээшлүүлсэн бол Тайваний үндэсний их сургуулийн эмнэлгээс мөн дээрх мэргэжлийн чиглэлүүдээр жил бүр зочин профессорын баг хүрэлцэн ирж оношилгоо, эмчилгээний туршлага солилцож хамтарсан сургалт, семинар зохион байгуулж ирсэн билээ. Мөн сүүлийн 3 жилийн хугацаанд хоёр эмнэлгийн мэргэжилтнүүд тархи мэдрэл, зүрх судасны чиглэлүүдээр зорилтод хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн ажиллаж байна.
Энэ удаагийн “Итгэл-2018” гэрээ солилцох хүндэтгэлийн арга хэмжээнд Тайваний Үндэсний Их Сургуулийн эмнэлгийг төлөөлж тус эмнэлгийн Гадаад харилцаа хамтын ажиллагааны захирал, их сургуулийн эмнэлгийн зүрхний мэс заслын тасгийн эмч, сувилахуйн албаны дарга, сувилахуйн албаны орлогч дарга, зарим сувилагчдын хамт хүрэлцэн ирж оролцлоо. Мөн тус арга хэмжээнд УНТЭ, УХТЭ, ЭХЭМҮТ, ХСҮТөвийн удирдлагууд болон дээрх эмнэлгүүдээс “NTUH-HOPE” хөтөлбөрт хамрагдаж байсан эмч мэргэжилтний төлөөллүүд оролцлоо.