2018 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНИЙ ТАСРАЛТГҮЙ СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ДҮГНЭЛЭЭ

Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг нь эмч мэргэжилтний ажлын байрны тасралтгүй сургалтыг эмч нарын яриа, багийн сургалт, нийтийн сургалт гэсэн 3 чиглэлээр батлагдсан хөтөлбөр төлөвлөгөөний дагуу уламжлал болгон зохион байгуулдаг бөгөөд 2018 оны эхний хагас жилд нийт 25 удаагийн эмч нарын яриа, 11 удаагийн нийтийн сургалт, 14 удаагийн 8 чиглэлийн 20 кредит багц цагийн сургалт (үүний 3 чиглэлийн 4,5 багц цаг нь лавлагаа тусламжийн чиглэлд)-ыг зохион байгуулсан. Мөн энэхүү эмч мэргэжилтний тасралтгүй сургалтаар “Байгууллагын соёл, хүний нөөцийн хөгжил” чиглэлээр гадны байгууллагаас 12 зочин багшийг урьж лекц уншуулжээ. 

Тус эмнэлэг эхний хагас жилд гадаадын 9 оронд эмнэлзүйн 9 чиглэлээр нийт 41 эмч, эмнэлгийн мэргэжилтэнг урт богино хугацааны сургалтанд хамруулсан бол гадаад улсаас 3 чиглэлийн 7 баг хүрэлцэн ирж, 7 удаагийн ажлын байран дээрх мэс засал сургалт зохион байгуулж, нийт 95 хүнд мэс засал, үзлэг оношилгоог үнэ төлбөргүй хийсэн байна. 
2018 оны эхний хагас жилийн сургалт мэдээллийн үйл ажиллагаанд идэвхитэй оролцсон, мэргэжлийн ур чадвараа тасралтгүй хөгжүүлэхэд идэвхи чармайлт гарган ажилласан тасаг хамт олон, хувь эмч нарыг эмнэлгийн захиргаанаас батламж, дурсгалын зүйлээр шагнаж урамшууллаа.