2018 оны 06 дугаар сарын 14-ны өдөр Улсын гуравдугаар төв эмнэлгийн “Эмчилгээний хоол үйлдвэрлэлийн алба”-наас “Дэмжин туслах үйлчилгээний ажиллагсдын нэрэмжит сарын аян”-ын хүрээнд тус тасаг, албадын ажилчдын дунд цагаан хоолны өдөрлөг боллоо. Энэхүү өдөрлөгийг ажилчдын амьдралын буруу хэвшил, хэв маягийг өөрчлөх, хоол, хүнсний зохисгүй хэрэглээ, архи, тамхины хэрэглээ, хөдөлгөөний хомсдолоос шалтгаалсан халдварт бус өвчлөлөөс хэрхэн урьдчилан сэргийлэх, цагаан хоолны талаархи мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор зохион байгууллаа.
Тус арга хэмжээний үеэр цагаан хоолны ашиг тус, цагаан хоолыг хэрхэн бэлтгэх, түүний найрлага, орцын талаар болон 2 төрлийн шүүс, 2 төрлийн салат, 10 төрлийн цагаан хоолыг бэлтгэн амталгаа явуулж, “Цагаан хоолыг хэрхэн бэлтгэх талаар”, “Хүнсний ногооны ашиг тус”, “Барагшуун, зөгийн балны шүүс”, “Бид яагаад ногоо идэх ёстой вэ?” зэрэг 4 төрлийн гарын авлагыг тараан, 54 төрлийн жимс ногооны шимт бодисын найрлагын талаархи зурган зөвлөмжийг нийт оролцсон ажилчдад танилцууллаа.