ОЛОН УЛСЫН РОТАРИ САНГИЙН ОЛОН НИЙТИЙН ТУСЛАМЖ #1754471 ТӨСЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ НЭЭЛТ БОЛЛОО

Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй Ротари ТББ байгууллагын санаачилгаар Олон Улсын Ротари 3450 дүүрэг, Олон Улсын Ротари 3080 дүүргүүд хамтран Олон Улсын Ротари байгууллагын санхүүжилтээр Глобал Грант#1754471 тоот хамтарсан төслийг Эрүүл мэндийн яамтай хамтран хэрэгжүүлэхээр болсон бөгөөд 2017 оны 4 дүгээр сарын 14-нд “Хамтын ойлголцолын санамж бичиг”-т гарын үсэг зурсан билээ.

Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд 2017 оны 8 дугаар сарын 28-наас 09 дүгээр сарын 08-ны хооронд болох төслийн үйл ажиллагааны нээлтийн үйл ажиллагаа Улсын гуравдугаар төв эмнэлэг дээр боллоо. Тус төслийн хүрээнд БНЭУ-ын 16 хүний бүрэлдэхүүнтэй мэс заслын болон мэргэжлийн профессорын баг ирж Улсын гуравдугаар эмнэлгийн мэдрэлийн мэс засал, дурангийн мэс засал, мэдээгүйжүүлэлт, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн чих, хамар, хоолойн чиглэлээр, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн гар сарвуу болон түлэнхий мэс заслын тасагт, Амгалан амаржих газрын эмэгтэйчүүдийн нээлттэй болон дурангийн мэс заслын хэсэгт ажиллаж үнэ төлбөргүйгээр мэс засал эмчилгээ болон эмч мэргэжилтнүүдэд сургалт явуулах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Мөн Хавдар судлалын үндэсний төвд өвчтөний асаргаа, сувилгаа, эмчилгээний чиглэлээр танхимын болон ажлын байрны багц цагийн сургалтуудыг зохион байгуулахаар болсон.

Уг төслийг Энэтхэгийн Ротарийн 3080 дүүргийн захирагч асан Ноён Мадхукар болон Монголын талын зохицуулагчаар Туул Ротари клуб, Монголын Ротарийн 10 дугаар бүсийн захирагч асан хатагтай Х.Жамбалмаа нар хариуцан ажиллаж байгаа бөгөөд төслийг санхүүжүүлэхэд Олон Улсын Ротари сан, Энэтхэгийн 3080 Ротари дүүрэг, Хонгконг, Макао, Монголын 3450 дүүргийн Ротари байгууллагаас нийт 200 гаруй сая төгрөгөөр санхүүжүүлж, 30 гаруй мянган ам.долларын мэс заслын практикт зайлшгүй шаардлагатай эмнэлгийн хэрэгслийг Монголын эрүүл мэндийн салбарт буцалтгүй тусламжаар хандивлах юм.